Tuesday, September 23, 2008

Америкаар аялахуй. Bашингтон ДС. Колумбын дүүрэг дэхь Цэцэрлэгт Хүрээлэн /The United States Botanic Garden/ .

Америкаар аялахуй.
Bашингтон ДС. Колумбын дүүрэг дэхь Цэцэрлэгт Хүрээлэн /The United States Botanic Garden/ .

Капитолийн хажууд нь 1932 онд байгуулагдсан Фредерик Огюст Бартольди-гийн нэрэмжит Цэцэрлэгт Хүрээлэнгийн төвд түүхийг агуулсан баримал бүхий гоёмсог усан оргилуур байдаг юм билээ.Уг Цэцэрлэгт Хүрээлэнгийн түүх,үүсэл нь усан оргилууртай нягт холбоотой болохоор эндээс эхлэх нь зүйтэй болов уу. Уг Цэцэрлэгт Хүрээлэн нь нийтийн цуглаан болон тусгай арга хэмжээ зохион байгуулахад тохиромжтой классик маягаар, геометрийн хувьд зөв сонголттой баригдсан байна. Цэцэрлэгт Хүрээлэн нь гол болон хэд хэдэн том шилэн хорго бүхий байшингаас бүрдэх бөгөөд тэнд дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан төрөл бүрийн ургамлын суулгацыг дэлгэн тавьж нийтийн хүртээл болгон үнэ төлбөргүй үзүүлэн сурталчилдгаас гадна тэдгээрийг олон арван жилийн турш шинэчлэн тордож Америкийн цэцэрлэгжүүлэлтийн явцад шинээр бий болж байгаа ургамлуудаар баяжуулагддаг байна. Орчин үед уг Цэцэрлэгт хүрээлэн нь зөвхөн уламжлалт биш төрөл бүрийн ургамлуудыг нийтэд дэлгэн үзүүлэх чиглэлтэй ургамлын хүрээлэн бүхий шилтгээн болж хувирсан байна. Цэцэрлэгт Хүрээлнгийн гол цөм болсон усан оргилуурыг Фредерик Огюст Бартольди /1834-1904/ 1876 онд Филадельфид нээгдсэн Олон улсын үзэсгэлэнгийн 100 жилийн ойд зориулан 1867онд хийсэн загвараараа бүтээн байгуулсан байна. Бартольди мөн энэ хугацаанд Капитолийн бөмбөрцөг дээрхи эрх чөлөөний хөшөөний загвар дээр ажиллаж байсан байна. Усан оргилуур нь 3 секц бүхий тэгш хэмт бүтэцтэй бөгөөд гурван талт яст мэлхийн дүрс бүхий гол суурин дээр нуман нуруу бүхий усан дагиныг байрлуулан хоорондохь зайд нь далайн амьтдыг дүрсэлэн байрлуулсан нь үнэхээр гоёмсог харагдах бөгөөд энэ нь Грекийн уламжлалт уран баримлын сонгодог хэлбэрээр хийгдсэн нь илэрхий. Усан оргилуурын дээд хэсэг болох усан сан нь тавган хэлбэртэй болохоор холоос харахад гоёмсог суурьтай хундага мэт харагдах бөгөөд улаан хүрэн гантиг чулуугаар хийгдсэн юм билээ.Усан санд байрлах оргилууруудын толгойн гоёл нь навчин хэлбэртэй харин суурийг нь нарийхан хийсэн нь их донжтой харагдаж байна лээ. Уг усан оргилуур нь 40 орчим тонн, 9 орчим метр өндөр хийгдсэн ба усан дагины баримал гэхэд л 3,3 метр гэх мэт энэ оргилуурын элемент бүр маш нарийн деталчлагдан хийгдсэн байна. Сонирхогчдын харцыг гал хэлбэртэй 12 тулгуур бүхий сан луу усан дагины баримлаас чиглэгдэхээр хийгдсэн ба оргилж байгаа ус нь яст мэлхий ба загасны амнаас нь үсэрч байгаа мэтээр цацарч Усан санд байгаа болон орчны гоёмсог дүрслэлүүд дээр буух нь үнэхээр сайхан харагдах юм билээ.
Усан оргилуурын хийн фонаран гэрэлтүүлэг нь түүнийг улам гоёмсог харагдуулдаг бөгөөд Вашингтоны анхны дурсгалт газруудын нэг учраас шөнийн цагаар тогтмол гэрэлтүүлдэг байна. Усан сангийн эргэн тойронгийн гэрлийг 1886 онд нэмсэн бөгөөд 1915 онд анхны бүтцийг шилэн бөмбөрцөг хэлбэртэй болгон өөрчилж цахилгаанд холбосон байна.1927 онд Цэцэрлэгт Хүрээлэнг шилжүүлэх үед усан оргилуурыг засварлан хадгаласан байна.1932 онд усан оргилуурыг дахин одоогын байгаа газар нь суурилуулж 1985 онд Фредерик Огюст Бартольди-гийн нэрэмжит болгон 1986 онд сэргээн засварласан байна.
Одоо Цэцэрлэгт Хүрээлэн хэрхэн бий болсон үүх түүхээс товчхон дурдья.Уг Цэцэрлэгт Хүрээлэнгийн шилэн хоргон байшинд дэлгэн тавьсан дэлхийн өнцөг булан бүрээс авчирсан төрөл бүрийн ургамал, цэцэг, модыг сонирхон танилцаж дэргэд нь патиараа татуулан биширч явснаа дурсахад таатай байна. Америкийн нийслэл Вашингтон ДС дэхь уг Хүрээлэн нь Колумбын институтийн Шинжлэх ухаан ,урлаг соёлыг хөхүүлэн дэмжих хуулийн хүрээнд 1816 оноос суурь нь тавигдсан бөгөөд америкийн ард түмний сайн сайхан ирээдүйн тусын тулд дэлхийн олон орноос төрөл бүрийн ургамлын суулгацыг цуглуулан нутагшуулах замаар бий болсон байна.
Конгресс 1820 онд Хүрээлэнгийн институт байгуулж Капитолын баруун талд нь байгуулахаар шийдвэрлэсэн байна.Гэвч 1837 он хүртэл уг ажиллагаа тодорхой шалтгаанаар зогссон ба 1842 онд Америкт эргэж ирсэн Өмнөт далайг судлах Экспедицийнхэн дэлхийн олон орноос Вашингтон хүртэл олон төрлийн ургамал,цэцэг, модны суулгацыг тээвэрлэн ирснээр Хүрээлэнгийн ажиллагаа сэргэсэн байна. Ингээд эхлээд хуучин патентын товчооны байрны ар талд тусгай хүлэмж барьсан бөгөөд 1850 онд Колумбын Хүрээлэнгийн институт-ийн байранд байсан үйлдвэрүүдийг нүүлгэсэн байна. Хүрээлэн одоогийн байрандаа 1933 онд шилжсэн түүхтэй юм билээ. Уг хүрээлэн нь гадна талдаа 2 акр /1 га арай хүрэхгүй/ бүхий талбайг эзэлсэн тодорхой орчинг бий болгосон шилэн хоргон хүлэмжийг байгуулсан бөгөөд энд өвөрмөц төрөл бүрийн ургамал, цэцэг.модыг тордон тарьж нийтийн хүртээл болгон ирсэн байна. Үндэсний Ургамлын Хүрээлэнд Фредерик Огюст Бартольди-гийн Цэцэрлэгт Хүрээлэн болон гадна талын цэцэгсээр гоёсон тусгай засалттай бут бүхий цэцэрлэг, захиргааны байшин зэрэг багтдаг байна. 1993 онд уг байгууламжыг хамгаалах, ургамлын суулгацыг үржүүлэх, услах систем бүхий тусгай хүлэмж мөн ашиглалтын дэлгүүр бүхий тусгай объектыг нээсэн байна.Уг Ургамлын Хүрээлэнгийн захирлын үүргийг 1934 оноос Капитолын архитекторч хавсаран гүйцэтгэдэг болсон байна.Тус Хүрээлэнгийн ашиглалт ба хамгаалалт ,өөрчлөлт, шинэчлэлт, бусад байгууламжийг барьж байгуулах асуудлыг архитекторч хуулийн хүрээнд хариуцдаг байна. Та энэ Хүрээлэнгээр заавал нэг ороод гараарай. Ер нь АНУ-ын аль ч штатад очсон та ийм төрлийн Хүрээлэнг үзэх боломжтой юм билээ.Энэ талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл дараахь хаягаар ороод үзээрэй. www.usbg.gov /үргэлжлэл байгаа/ Наваан , NY