Wednesday, December 3, 2008

Америкаар аялахуй.

Америкаар аялахуй.
Bашингтон ДС. Колумбын дүүрэг дэхь Үндэсний Соёлын Төв /The John F. Kennedy Center for the performing Arts /
АНУ-ын нийслэл Вашингтон хотод хэсэг хугацаанд амьдран түүхийн болон соёлын хөгжилийн зах зухтай танилцаж тэр тухайгаа та бүхэнтэй хуваалцах завшаан олдож байгаад баяртай байдаг юм. Юны түрүүнд хамгийн сонирхолтой нэг зүйлийн тухай та бүхнийхээ сонорт хүргэхэд та жилийн 365 хоног Вашингтон ДС-гийн Колумбийн дүүрэг дэхь Линкольны дурсгалын цогцолборын ойролцоо Потомак голын эрэгт байралдаг Кеннеди Төвөөс зохион байгуулдаг урлагийн тоглолтыг үнэ төлбөргүй үзэх боломжтой юм билээ. Анх уг төвийг хэдэн жилийн өмнө үзэхээр очоод үнэ төлбөргүй тайлбарлагчтай аялалд хамрагдах үед 'та манай төвд аялалд хамрагдаж байгаа анхны монгол хүн байна ' гэж хэлэхэд нь нилээн гайхаж билээ. Одоо та нартаа энэ төвийн тухай танилцуулая.Уг үндэсний дурсгалын цогцолбор болох Кеннеди төв нь урлагийн бүтээлийг дэлгэн үзүүлэх талбар бөгөөд бүх нийтэд нээлттэй байдаг байна.



Одоо уг төвийн ерөнхий бүтцийг толилуулъя.
Гэр бүлийн театр: Энэ театр нь гол төлөв дэлхийн классик жүжиг болон гэр бүлийн жүжгийг гэр бүлийнхэн, залуучууд болон хүүхдүүдэд толилуулдаг 320 суудалтай . Уг тетрт 1970-аад оны сүүлчээр нилээн удаан хугацаанд сэргээн засварлалт хийгдэж компютрийн систем, тоон видео-дэлгэц зэрэгт холбож дуужуулах системийг сайжруулсан байна.
Эйзенхауэр театр: Үндэсний Соёлын Төвийг байгуулах санаачлагыг гарган хуульчлан гарын үсэг зурсан ерөнхийлөгч, профессор, доктор Дуайт Эйзэнхауэрийн нэрэмжит энэ театрт дуурь, балет, орчин үеийн бүжиг болон театрчилсан тоглолтыг дэлгэн үзүүлдэг 1100 суудалтай. Уг театр нь 40 хөгжимчин бүхий оркестр байрлах тайзны урьд талдаа талбайтай бөгөөд 2007-2008 онд дотоод талын засал болон гэрэлтүүлэг, дуужуулах систем зэргээ сэргээн засварласан байна.
Дуурийн театр: Дуурийн театрт дуурь, бүжгэн жүжиг болон хөгжимт тоглолтууд хийгддэг байна.Энэ театр нь Япон улсаас бэлэглэсэн улаан ба алтан шаргал өнгөтэй торгон хөшигтэй бөгөөд гэрэлтүүлэгийн люстр нь Австри улсынх юм байна. Хэмжээгээрээ уг төвийн 2-т бичигддэг, 2300 суудалтай.
Концертийн танхим: Уг төв дэхь хэмжээгээрээ хамгийн томд тооцогдох концертийн танхим нь Үндэсний симфони оркестрийн гол байр бөгөөд 2400 суудалтай. Энд дэлхийн олон орны оркестр болон нэр хүндтэй хүмүүс тоглолтоо хийдэг байна. Энэ театрт шинэ стандарт бүхий дээд зэргийн чанартай дуужуулах системийг сонсогдох түвшинд байрлуулсан байна.Мөн Норвеги улсаас бэлэглэсэн 11 болор гэрлийн люстр, Бостоны Филене сангаас бэлэглэсэн 4000 гаруй хоолой бүхий орган хөгжим зэрэг энэ танхимд байдаг байна.
Мянганы эхлэл: Кенеди төвийн урт том гэгээвчинд 'Мянганы эхлэл ' нэрээр овоглосон үнэ төлвөргүй тоглолт өдөр бүр оройн 6 цагаас болдог байна.Энд гадаадын болон бүх 50 штатаас ирсэн групп ба урлагийн бүх л төрлийн тоглолтуудыг толилуулдаг байна. Энэ тухай дараахь WEB -ээс тодорхой мэдээлэл авах боломжтой. kennedy-center.org/millennium.
Терраса театр: Терраса театр нь байшингийн оройн түвшинд 1970-аад оны сүүлчээр төвийн 200 жилийн ойгоор нь Америкд Японы ард түмний бэлэглэлээр байгуулагдсан, дээд зэргийн дуужуулалттай учраас джаз хөгжим, гоцлол болон дөрвөл хөгжим,балет, орчин үеийн бүжиг зэрэг олон тоглолт,театрийн гэр бүлүүд, бүжгийн программыг толилуулдаг 500 суудалтай юм байна.
Лаборатор театр: Театрийн бүтээлүүд болон үечилсэн туршилтын бүтээлийг дэлгэн толилуулдаг лаборатор театр нь 350 суудалтай террасийн түвшинд байралдаг байна.
Галерейн терраса:Террасийн түвшингийн энэ зайд Кеннеди төвийн Джаз клуб болон урлагийн хөдөлгөөнт дүрсийн дэлгэц, лекц, харилцан яриа,нийтэд болон багш нарт зориулсан урлагийн тоглолтын талаархи хичээл ,семинар хийгддэг байна
Нийтийн талбай:Төрийн заал ба үндэстний заал
Төрийн зааланд холбоонд элссэн дарааллаар нь 50 штатын далбааг мөн АНУ-д хамрагддаг 5 нутаг дэвсгэрийн болон Колумбын дүүргийн далбааг байрлуулсан байдаг юм билээ.Үндэстний зааланд нь АНУ-тай дипломат харьцаатай дэлхийн олон орны далбааг үсгийн дарааллаар байрлуулсны дотор манай улсын далбаа нилээн содон харагдаж байна лээ.Мөн заалны хананд байрлуулсан үзүүлэнгүүд нь Кеннеди төвийн талаархи болон сурталчилгааны чиглэлтэй юм билээ. Уг зааланд бэлэг дурсгалын дэлгүүр, мэдээлэлийн алба, албаны харилцах хайрцаг байрлах ба хоёр заалнаас төв гэгээвч ба террасийн түвшин хурдэг цахилгаан шатнууд байралдаг байна.
Төв гэгээвч: Энэ гэгээвчийн хэмжээ нь Вашингтон дахь Телль-ийн дурсгалын хөшөөнөөс ч том дэлхийд дээгүүр орохоор бөгөөд уртаараа 190 орчим метр, өргөнөөрөө 12,2 метр, өндөр таазтайгаас гадна нэг бүр нь бараг тонн орчим жинтэй гоёмсог 16 болор люстртэй. Энэ гэгээвчийн төв хэсэгт нь алдарт барималч Роберт Берксийн бүтээл болох ерөнхийлөгч Джон Ф. Кеннеди- ийн хүрэл цутгамал толгойн барималыг тусгай суурин дээр байрлуулсан нь гэгэвчийн аль ч талаас тод харагдаж байхаар хийсэн байна.Энд ирсэн бүх л хүмүүс энэ дурсгалын барималын өмнө зургаа татуулдаг заншилтай юм .
Хойт ба өмнөт талбай: Эдгээр том задгай орон зайд төрөл бүрийн концерт болон фестиваль зохион байгуулах зориулалттай юм байна.
Гол ба дээвэр дээрхи терраса: Та уг төвийн дээвэр дээр гарах боломжтой бөгөөд эндээс АНУ-ын Капитол, Вашингтоны дурсгал, Линкольн ба Джеферсоны дурсгалын цогцолбор, Вашингтон, Үндэсний сүм, Потомак гол, ба хөрш зэргэлдээ штат Вирджиния, Пентагон ба Арлингтоны Үндэсний оршуулгын газар зэрэг нь алган дээр тавьсан юм шиг л харагдах болно.
Уг төв хэрхэн ямар түүхтэй байгуулагдсан, санхүүжилт гэх мэт сонирхолтой асуудлуудын талаар өгүүлье.
Уг төвийн түүхийн хуудсыг сөхвөөс 1971 онд нийтэд үүдээ нээсэн бөгөөд түүний суурь тавих үндэс нь бүр 1958 оноос Ерөнхийлэгч Дуайт Эйзенхауэр болон 2 намын тэргүүнүүд Үндэсний соёлын төв байгуулах хууль эрхийн бичиг баримтад гарын үсэг зурснаас үүдэлтэй юм байна. Үндэсний соёлын төвийн хуулийн агуулгын үндсэн чиглэл нь 4 хэсэгтэй ба юуны өмнө барьж байгуулах асуудлыг шийдвэрлэх , классик болон орчин үеийн урлагийн тоглолтыг өргөн хүрээтэй хэрхэн нийтийн хүртээл болгох мөн төвийн сургалтын бодлогыг тодорхойлох, санхүүгийн асуудлыг бие даан шийдвэрлэх бодлого баримтлах гэхдээ эх үүсгэврийг хэрхэн бий болгон ашиглах зэрэг тусгагдсан байна. Ерөнхийлөгч Джон Ф.Кеннеди нь амьдралын болон урлагийн талыг илүү баримталдаг байснаас гадна нийгмийн харьцааны удирдлагыг “ Хүмүүнлэгийн оюун ухаанд бидний оруулах хувь нэмэр”-ийг урьдал болгож чиглүүлэхийг эрмэлздэг нэгэн байсан байна. Кеннеди өөрийн эхнэр Жаклин болон хатагтай Эйзенхаур нарыг "Үндэсний соёлын төв”-ийг байгуулах,хөрөнгө бүрдүүлэх ажиллагаанд оролцуулахаар тэргүүнээр томилж Цагаан ордонд зохион байгуулагддаг тусгай хүлээн авалт болон үдийн хоолны үеэр хандив цуглуулах, сан байгуулах зэрэгт захиргааны ажилчдыг хамтад нь дайчлах зэргээр ихээхэн чармайлттай ажилласан байна.Ерөнхийлөгч Кеннеди энэ төслийнхээ даргаар нь бараг гурван арван жилийн турш төвийн үйл ажиллагааны чиглүүлэгч од болсон Роджер Л.Стивенсийг 1961 онд томилсон бөгөөд тэрээр үл хөдлөх хөрөнгө, улс төр, урлагийн бүтээлийг хөхүүлэн дэмжих санг босгох болон театрын найруулга зэрэгт сэтгэл хөдөлхүйц амжилтыг авчирсан бөгөөд төвийг барих явцыг хянаж байсан байна. 1963 оны 11-р сарын Ерөнхийлөгч Кеннеди-ийн аллагаас 2 сарын дараа Конгресс Үндэсний Соёлын төвийг түүний "амьд дурсгалд " зориулж бариулахаар 23 сая $-ийг шилжүүлсэн байна.Кеннеди төвийг барих сан бүрдүүлэх ажиллагаа маш хурдацтай өргөжиж сайн дурынхан бүх л ард түмнийг энд хамруулаад зогсохгүй дэлхий нийтээс ч хандив өргөж төслийг хэрэгжүүлэх, барилгын материал болон бусад зүйлээр туслаж байсан байна.1965 оны 12 сард Ерөнхийлөгч Линдон Джонсон Үндэсний Соёлын төвийг барих газрыг 1914 онд Линкольны, 1938 онд Джефферсоны дурсгалын цогцолбор барих газрыг хөндөж байсан алтадсан хүрзээр сэндийлж үйл ажиллагааг нь эхлүүлсэн түүхтэй юм байна.Бүр эхнээсээ уг төв нь улсын болон хувийн хамтарсан санхүүжүүлтээр ажиллаж эхэлсэн бөгөөд жил бүр барилгын ашиглалт, хамгаалалт зэрэгтээ улсаас санхүүжилт авч урлагийн программ болон тасалбар борлуулалт зэрэг бусад үйл ажиллагаагаа өөрийн сан болон корпорац, хувь хүмүүсийн хандиваар явуулж ирсэн байна. Үндэсний Соёлын төв нь анхныхаа нээлтийг 1971 оны 9-р сарын 8-нд Ерөнхийлөгч Кеннедийн дурсгалд зориулж домогт хөгжмийн зохиолч, удирдаач Леонарда Бернстайны дэлхийн хэмжээний бүтээлээр нээсэн байна. Энэ тухай "Нью Иорк таймс "-ийн дараахь өдрийн тэргүүн нүүрэнд "Нийслэлийн иргэд урлаг соёлынхоо ид цэцэглэлтийн үед энэ орой 70 саяаар Потомкийн хязгаарт боссон хөгжим,бүжиг, драмын гантиг ордонд сэтгэл хөдлөм нээлтээ хийлээ " гэж дурдсан байдаг байна.Уг төв нь нийтийн дунд Кеннеди төв гэдгээрээ алдаршсан бөгөөд жүжиг, бүжгэн жүжиг болон симфони найрал хөгжмийн тоглолтууд, дуурь, мюзик холл гэх мэт тоглолтуудаас гадна дэлхийн бусад орны урлагийн тоглолтыг толилуулдаг уламжлалтай юм байна.Уг төвөөс улс даяар штат бүрт олон сая залуучуудад зориулсан боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн байна.Мөн төвийн үйл ажиллагааг улам нээлттэй халуун уур амьсгалтай болгоход ихээхэн анхаарч тоглолтуудаа бүх түвшингийн орлоготой хүмүүсийг татахад чиглүүлэн үнэ багатай болон үнэгүй тоглолтыг зохион байгуулах болсон байна. Энэ дашрамд дурсахад ДС-д байх хугацаандаа уг төвд бусад штат болон гадаадын олон сайхан урлагийн тоглолтыг үнэ төлбөргүй үзсэн бөгөөд хамгийн сонирхолтой нь 100 төгөлдөр хуурчын тоглолтыг гадаа задгай талбайд сонирхож бахархаж байсан билээ.Америкчууд эвхдэг сандалтайгаа ирж тухладаг юм билээ.Мөн Хятадын соёлын өдрүүд сарын хугацаанд зохиогдох үер Өвөр монголчуудын тоглолтыг олон хүн сонирхон үзэж байсантай тааралдаж хэрэв манай урлагын тоглолт болвол магад олон хүн сонирхох юм байна даа гэж бодогдож байсан шүү.
Та энэ төвийн талаар дараахь хаягаар ороод үзээрэй.
www,kennedy-center.org /үргэлжлэл байгаа/ Наваан , NY